Тогтолцоо:
Авто замын арчлалт, засварын бодлогын үзэл баримтлал
МОНГОЛ УЛСЫН АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН БОДЛОГЫН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ (төсөл)
1. Монгол улсын Үндэсний авто замын сүлжээний ашиглалтын байдлын хэвийн нөхцлийг хангаж, зам хэрэглэгчдийг аюул осолгүй, үйлчилгээний түвшин өндөртэй зам, замын байгууламжаар үйлчлэх нь Авто замын талаар Монгол улсын төр, засгаас баримтлах гол бодлого бөгөөд, энэ бодлогыг хэрэгжүүлэх нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулийн дагуу хүлээсэн үндсэн үүрэг мөн.
2. Зам тээврийн салбарт оруулж байгаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдээр, нэн тэргүүн ээлжинд, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг тогтмол хангахад шаардлагатай, хүрэлцээтэй Авто замын санг бүрдүүлнэ.
3. Тухайн авто зам нь аль ангиллын, ямар зэрэглэлийн байхаас үл хамаарч, түүний бэлэн байдлын түвшинг, өдөр тутмын орчин үеийн дэвшилтэт цахим технологи ашигласан үзлэгээр тогтоож зам хэрэглэгчдэд мэдээлж байна. Үзлэгийн мэдээллийг мөрөөр авсан арга хэмжээ, Авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын түвшинг үндэслэн зам эзэмшигч, зам хариуцагч байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ.
4. Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, Авто замын салбарын хэтийн болон дунд хугацааны хөтөлбөр, хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнтэй уялдуулан, нийгмийн шаардлагад нийцүүлэн, Авто зам, замын байгууламжийн үйлчилгээний түвшинг тогтмол дээшлүүлнэ.
5. Одоо байгаа Үндэсний авто замын сүлжээний техник ашиглалтын түвшинг жил бүр тогтоож, засварын ажлын төрлийг тодорхойлох ба ТАТ-ийн өсөлтөөр авто замын арчлалт, засварын ажлын чанарыг үнэлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тодорхойлно.
6. Авто замын арчлалт, засварын удирдлагыг, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн Бүс нутгийн зам хариуцагчдаар гүйцэтгүүлж, замыг чиглэлээр нь нэг байгууллагад хариуцуулж, замд өдөр тутам хийгддэг арчлалт, урсгал засварын ажлыг замын бэлэн байдлын түвшинтэй уялдуулан нормативаар санхүүжүүлэх бодлого баримтална.
7. Авто зам эзэмшигч байгууллага нь Зам хариуцагч байгууллагуудад тухайн авто зам, замын байгууламжийн ашиглалтыг тогтвортой гэрээний үндсэн дээр хариуцуулах бөгөөд Зам хариуцагч байгууллагууд нь бэлэн байдлын түвшин /онц, сайн/ өндөртэй замаар үйлчилснийхөө төлөө ашиг хүртэнэ. Зам хариуцагч байгууллага нь хувийн хэвшлийнх байх ба онцгой тохиолдолд (олон улсын чанартай зам, хурдны замд) төрийн өмчийнх байж болно.
8. Авто замын арчлалт, урсгал засварын ажлын гүйцэтгэлийг замын бэлэн байдлын түвшинг үндэслэн тогтоосон норм, нормативийн дагуу, ээлжит засвар, их засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг гүйцэтгэлээр тус тус санхүүжүүлнэ.
9. Зам хэрэглэгчдэд учирсан хохирол нь Авто замын ашиглалтын байдалтай холбоотой гэж хууль хяналтын байгууллагаас тогтоовол, учирсан хохирлыг Авто замын сангаас төлж, буруутай этгээдэд хариуцлага тооцоод, нөхөн төлбөрийг замын санд эргүүлэн оруулна.
10. Зам хэрэглэгчдийг осол авааргүй, шуурхай, тав тухтай зорчих авто замын нөхцлөөр хангах, одоо байгаа Авто замын сүлжээний ашиглалтыг хэвийн байлгах замаар авто зам, замын байгууламжийг хамгаалах, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хугацааг уртасгах, авто замын арчлалт засварт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, замын байнгын арчлалт, засварыг хариуцах байгууллагыг оновчтой байршуулах, үйл ажиллагааг нь чанартай, шуурхай болгох чиглэлийг Төрийн үйлчилгээний нэг функц болгох нь Авто замын засвар, арчлалтын бодлогын хэрэгжүүлэлтийн гол шалгуур үзүүлэлт болно.
Хайлт
Шинэ нийтлэл
© Вэб сайт бүтээсэн: Цаст солюшн ХХК